ХОНЬ, ТЭМЭЭНИЙ НООС БЭЛТГЭЖ, ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРТ ТУШААСАН ХОРШООНЫ ГИШҮҮН МАЛЧИН, МАЛ БҮХИЙ ЭТГЭЭДЭД МӨНГӨН УРАМШУУЛАЛ ОЛГОХ ЖУРАМ

 

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2015 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хот
 

Дугаар 122

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Улсын Их Хурлын 2011 оны 30 дугаар, Улсын Их Хурлын 2012 оны 74 дүгээр тогтоолыг тус тус хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь: 1. ”Хонь, тэмээний ноос бэлтгэж, үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох журам”-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай. 2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Журам шинэчлэн батлах тухай” Засгийн газрын 2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 394 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай. Монгол Улсын Ерөнхий сайд                                              Ч.САЙХАНБИЛЭГ  

ХОНЬ, ТЭМЭЭНИЙ НООС БЭЛТГЭЖ, ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРТ ТУШААСАН ХОРШООНЫ ГИШҮҮН МАЛЧИН, МАЛ БҮХИЙ ЭТГЭЭДЭД МӨНГӨН УРАМШУУЛАЛ ОЛГОХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл 1.1. Боловсруулах үндэсний үйлдвэр, цех (цаашид “боловсруулах үйлдвэр” гэх)-д хонь, тэмээний ноос (цаашид “ноос” гэх) бэлтгэн тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээд (цаашид ”малчин” гэх)-д мөнгөн урамшуулал олгох ажлыг зохион байгуулах, хяналт тавих, тайлагнахтай холбогдон үүсэх харилцааг энэ журмаар зохицуулна. Тайлбар: “мал бүхий этгээд“ гэдэгт малчны хоршоо, өмчийн бүх хэлбэрийн цөм сүргийн аж ахуйг ойлгоно. 1.2. Боловсруулах үйлдвэрт ноос бэлтгэж тушаасан малчинд өмнөх жилийн эцсийн мал тооллогын А данс дахь малын тоо, үүлдэрлэг байдал, ашиг шим, ноосны чанараас хамааран дор дурдсан урамшуулал олгоно: 1.2.1. нарийн, нарийвтар болон энэ журмын 1.5-д заасан бүс нутагт үржүүлж байгаа бүдүүвтэр ноост хонины ноос, тэмээний ноосны кг тутамд       2000 төгрөг; 1.2.2. энэ журмын 1.5-д зааснаас бусад бүс нутагт үржүүлж байгаа бүдүүвтэр ноост болон бүдүүн ноост хонины ноосны кг тутамд 1000 төгрөг. 1.3. Боловсруулах үйлдвэр нь ноосоор эсгий, эсгий бүтээгдэхүүн хийх, самнах, ээрэх, нэхэх, сүлжих шатны боловсруулалт хийх, дагнасан болон цогц технологи бүхий эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхэлдэг байна. 1.4. Боловсруулах үйлдвэрт ноос бэлтгэж тушаасан малчинд мөнгөн урамшуулал олгохтой холбогдох харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомж болон энэ журмыг харьяалах нутаг дэвсгэртээ сурталчлах, энэ чиглэлээр малчдад сургалт явуулах ажлыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар зохион байгуулна. 1.5. Энэ журмын 1.2.1-д заасан бүдүүвтэр ноост хонины ноосонд урамшуулал олгохдоо хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан “Малын үржлийн стратеги төлөвлөгөө”-нд заасны дагуу цөм сүрэг үржүүлж байгаа аймаг, сумын малчинд олгоно. Хоёр. Урамшуулалд хамрагдах малчин болон ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо, боловсруулах үйлдвэрт тавих шаардлага 2.1. Урамшуулалд хамрагдах малчин дараах шаардлагыг хангасан байна: 2.1.1. арьсны шимэгчээс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хонь болон тэмээг технологийн хугацаанд хамруулах; 2.1.2. энэ журмын 1.2-т заасан шаардлагыг хангасан ноосыг төрлөөр нь ангилан 50-100 кг-аар савлаж бэлтгэх; 2.1.3. энэ журмын 3.4-т заасан баримтад өөрийн харилцах арилжааны банк (цаашид “арилжааны банк” гэх)-ны нэр, дансны дугаарыг бичиж, малчин өрхийн баталгааны тэмдгээр баталгаажуулна. Малчин нь өрхийн баталгааны тэмдгийг бусдад ашиглуулахгүй байх үүрэг хүлээх. 2.2. Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо (цаашид “холбоо” гэх) дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ: 2.2.1. боловсруулах үйлдвэрийн жагсаалтыг жил бүрийн 5 дугаар сард багтаан баталж, нийтэд мэдээлэх; 2.2.2. бараа материалын тооцооны баримт (цаашид “баримт” гэх)-ын загварыг Санхүү, эдийн засгийн сайд, Үндэсний статистикийн газрын даргын 2002 оны 171/111 дүгээр хамтарсан тушаалаар баталсан загварт нийцүүлэн боловсруулж, холбогдох мэдээлэл, ялгах тэмдэглэгээг тусгасан байх; 2.2.3. холбооны төлөөлөгчид итгэмжлэл олгох; 2.2.4. худалдан авсан ноосонд чанарын тордолт хийх, хэвийн хорогдлыг хариуцах талаар боловсруулах үйлдвэрийн төлөөлөгчтэй гэрээ байгуулах; 2.2.5. энэ журмын 2.2.2-т заасан баримтыг мөн журмын 1.3-т заасан боловсруулах үйлдвэрт хуваарилах, олгох, зарцуулалтын тооцоог хийх; 2.2.6. энэ журмын 2.2.1-д зааснаас бусад үйлдвэрт баримт тараахгүй байх. 2.3. Ноосыг стандартын дагуу бэлтгэж, тушаах талаар малчдад сургалт явуулах чиг үүргийг боловсруулах үйлдвэр хариуцан хэрэгжүүлнэ. 2.4. Боловсруулах үйлдвэр нь тухайн жилд худалдаж авсан ноосоор эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн тухай мэдээллийг Мал хамгаалах санд болон аж үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад улирал тутамд хүргүүлж байна.                                                  Гурав. Урамшуулал олгох 3.1. Урамшууллын мөнгийг Монголбанкинд “Малчин” данс нээж, Монголбанкнаас тухайн малчны арилжааны банк дахь дансанд шилжүүлэх  замаар олгоно. 3.2. Малчин нь арилжааны банкинд өөрийн нэр дээр данс нээсэн байна. 3.3. Энэ журмын 3.2-т заасан арилжааны банкны салбар нь дансны мэдээллээр нэгдсэн жагсаалт гаргаж холбогдох төв банкинд, уг төв банк нь Монголбанкинд тус тус хүргүүлнэ. 3.4. Боловсруулах үйлдвэрийн төлөөлөгч нь малчнаас ноос худалдаж авахдаа баримтыг засваргүйгээр 3 хувь үнэн зөв үйлдэж, энэ журмын                3.2-т заасан дансны талаарх мэдээллийг малчнаар бичүүлэн 2 хувийг малчинд өгч, 1 хувийг өөртөө үлдээнэ. 3.5. Малчин урамшуулалд хамрагдах хүсэлт гаргахдаа энэ журмын 3.4-т заасан баримтын хувийг хавсарган мал сүргийн эрүүл мэндийн гэрчилгээний хамт сум, дүүргийн Мал эмнэлэг, үржлийн тасагт хүргүүлнэ. 3.6. Энэ журмын 1.3, 2.1-д заасан шаардлагыг хангаагүй эсхүл материал хүлээн авах хугацаанаас хоцроосон, буруу ташаа мэдээлэл ирүүлсэн, материалыг бүрэн гүйцэд бүрдүүлээгүй, баримт бичиг нь засвартай бол сум, дүүргийн Мал эмнэлэг, үржлийн тасаг материалыг хүлээн авахаас татгалзаж буцаана. 3.7. Сум, дүүргийн Мал эмнэлэг, үржлийн тасаг энэ журмын 3.5-д заасан хүсэлтийг хүлээн авч, малчны нэр, хаяг, малын тоо, тушаасан ноосны хэмжээ, төрөл болон мал сүргээ мөн журмын 2.1.1-д заасан арга хэмжээнд хамруулсан талаарх анхан шатны баримтыг магадлан хянаж, жагсаалт үйлдэн сум, дүүргийн Засаг даргаар баталгаажуулах бөгөөд холбогдох материалын хамт аймаг, нийслэлийн хөдөө аж ахуйн асуудал хариуцсан байгууллага (цаашид “хөдөө аж ахуйн газар” гэх)-д жил бүрийн  9 дүгээр сарын 1-ний өдрийн дотор хүргүүлнэ. 3.8. Аймаг, нийслэлийн Хөдөө аж ахуйн газар энэ журмын 3.7-д заасан материалыг бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн холбогдох мэдээлэлтэй тулган шалгаж, тухайн жилийн 9 дүгээр сарын 15-ны өдрийн дотор Мал хамгаалах санд хүргүүлнэ. 3.9. Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо нь гишүүн-боловсруулах үйлдвэр тус бүрээс ноос худалдан авсан тухай бүртгэл, чанар шалгагчийн дүгнэлтийг авч нэгтгэн баталгаажуулах бөгөөд тухайн жилийн 9 дүгээр сарын    25-ны өдрийн дотор Мал хамгаалах сангийн “Цахим бүртгэлийн систем” рүү илгээнэ. 3.10. Мал хамгаалах сан нь энэ журмын 3.8, 3.9-т заасан материалыг харьцуулан хянаж, боловсруулах үйлдвэрт ноос бэлтгэж тушаасан малчинд мөнгөн урамшуулал олгох саналыг хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд танилцуулна. 3.11. Хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн энэ журмын 3.7-д заасан саналтай танилцаад малчны овог, нэр, регистрийн дугаар, харьяалах сум, дүүрэг, баг, хорооны нэр, ноосны болон урамшууллын хэмжээг тусгасан шийдвэрийг тухайн жилийн 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор гаргаж, санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дахь Төрийн сан, Монголбанкинд тус тус хүргүүлнэ. 3.12. Төрийн сан энэ журмын 3.11-д заасан шийдвэрийг үндэслэн урамшуулалд шаардагдах хөрөнгийг Мал хамгаалах сангийн данснаас Монголбанк дахь “Малчин” дансанд шийдвэр гарснаас хойш 3 хоногийн дотор шилжүүлнэ. 3.13. Мал хамгаалах сан нь урамшуулал олгох талаар хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний гаргасан шийдвэрт заасан хоршооны гишүүн малчны урамшуулал авах арилжааны банкны нэр, дансны дугаарыг Монголбанкны Үндэсний цахим гүйлгээний төвийн сүлжээгээр дамжуулан арилжааны банкуудаас авч, нэгдсэн жагсаалт гарган Монголбанкинд хүргүүлнэ. 3.14. Монголбанк нь энэ журмын 3.13-т заасан нэгдсэн жагсаалтыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээллийн сан дахь малчны овог, нэр, регистрийн дугаартай тулган нягталсны үндсэн дээр урамшууллын мөнгийг холбогдох арилжааны банк дахь малчны дансанд ажлын 1 өдөрт багтаан шилжүүлнэ. 3.15. Арилжааны банкны нэр, малчны дансны дугаар, регистрийн дугаар зөрсөн эсхүл урамшуулал авах зорилгоор арилжааны банкинд давхар данс нээлгэсэн зөрчил илэрсэн тохиолдолд Монголбанк урамшууллын мөнгийг шилжүүлэхгүй бөгөөд холбогдох мэдээллийг арилжааны банк болон Мал хамгаалах сангаас шаардана. 3.16. Арилжааны банк нь Монголбанкнаас шаардсаны дагуу банкны нэр, дансны дугаар, овог, нэр, регистрийн дугаарын талаарх шинэчилсэн мэдээллийг ажлын 3 хоногт багтаан хүргүүлнэ. 3.17. Энэ журмын 3.15-д заасан материалд байгаа зөрчлийн талаарх мэдээлэл болон уг зөрчлийг хэрхэн арилгах мэдэгдлийг Мал хамгаалах сангаас холбогдох аймаг, нийслэлийн Хөдөө аж ахуйн газарт, Хөдөө аж ахуйн  газар нь сум, дүүргийн Мал эмнэлэг, үржлийн тасагт ажлын 3 хоногт багтаан тус тус хүргүүлнэ. 3.18. Сум, дүүргийн Мал эмнэлэг, үржлийн тасаг энэ журмын 3.17-д заасан мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан зөрчлийг арилгаж, холбогдох материалыг аймаг, нийслэлийн Хөдөө аж ахуйн газраар дамжуулан Мал хамгаалах санд хүргүүлнэ. 3.19. Мал хамгаалах сан нь энэ журмын 3.18-д заасан хугацаанд багтаан ирүүлсэн материалыг хүлээн авснаас хойш ажлын 3 хоногт багтаан Монголбанкинд хүргүүлнэ. 3.20. Монголбанк нь арилжааны банк болон Мал хамгаалах сангаас ирүүлсэн мэдээллийг хүлээн авснаас хойш энэ журмын 3.14-т заасан хугацаанд тухайн малчны арилжааны банк руу мөнгийг шилжүүлнэ.                              Дөрөв. Урамшуулал олгохоос татгалзах үндэслэл 4.1. Дараах тохиолдолд малчинд урамшуулал олгохгүй: 4.1.1. ноос тушаасан боловсруулах үйлдвэр нь энэ журмын 2.2.1-д заасан жагсаалтад хамрагдаагүй бол; 4.1.2. энэ журмын 3.18-д заасан хугацаанд холбогдох мэдээллийг шинэчлэн ирүүлээгүй бол; 4.1.3. энэ журмын 4.2-т заасан боловсруулах үйлдвэрт ноосоо тушаасан бол; 4.1.4. энэ журмын 1.3-т зааснаас бусад үйлдвэрт ноосоо тушаасан бол; 4.1.5. хуулийн этгээдийн улсын бүртгэлийн нэгдсэн сангаас авсан лавлагаагаар малчин нь хоршооны гишүүн биш болох нь тогтоогдсон бол. 4.2. Мал хамгаалах сан нь энэ журмын 6.3.2-т заасан тайлан, мэдээлэл ирүүлээгүй боловсруулах үйлдвэрийг нийтэд мэдээлж, үйлдвэрийн нэрийг хөдөө аж ахуйн болон аж үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, холбоонд тус тус хүргүүлнэ. Тав. Урамшуулал олгох хөрөнгийг төлөвлөх, тайлагнах 5.1. Аймаг, нийслэлийн Хөдөө аж ахуйн газар нь жилийн эцсийн мал тооллогын дүн, сүргийн эргэлтэд үндэслэн харьяа нутаг дэвсгэртээ дараа жилд бэлтгэх боломжтой хонь, тэмээний ноосны хэмжээ, нутаг дэвсгэртээ байгаа боловсруулах үйлдвэрийн жагсаалт, тэдгээрийн хүчин чадлыг сум, дүүрэг тус бүрээр гаргаж, жил бүрийн II улиралд багтаан Мал хамгаалах санд хүргүүлнэ. 5.2. Холбоо нь боловсруулах үйлдвэр тус бүрийн дараа жил худалдан авах ноосны хэмжээг нэр, төрлөөр нь гаргуулж нэгтгэн, жил бүрийн II улиралд багтаан Мал хамгаалах санд хүргүүлнэ. 5.3. Мал хамгаалах сан нь энэ журмын 5.1, 5.2-т заасан мэдээллийг харьцуулан судалж, дараа жил боловсруулах үйлдвэрт ноосоо тушаах малчинд олгох урамшууллын хэмжээг төлөвлөн хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний төсвийн багцад тусгуулах санал тавина. 5.4. Урамшуулал олгох үйл ажиллагааг дор дурдсаны дагуу тайлагнана: 5.4.1. Монголбанк нь урамшууллын мөнгө олгож байгаа арилжааны банктай тооцоо нийлж, тайланг тухайн жилийн 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор Мал хамгаалах санд хүргүүлэх; 5.4.2. Төрийн сангаас ноосны урамшуулалд олгосон санхүүжилт арилжааны банкинд шилжүүлэх мөнгөнөөс илүү гарсан тохиолдолд үлдэгдэл мөнгийг Төрийн сан дахь Мал хамгаалах сангийн дансанд буцаах; 5.4.3. Мал хамгаалах сан нь тухайн онд урамшуулалд хамрагдсан малчдын  бүртгэл, хөрөнгийн зарцуулалтын талаарх мэдээ, тайланг дараа оны     1 дүгээр сарын 30-ны өдрийн дотор хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх; 5.4.4. Мал хамгаалах сан нь жил бүр урамшуулалд шаардагдах хөрөнгийн зарцуулалт, санхүүгийн тайланд дараа оны II улиралд багтаан аудит хийлгүүлэх; 5.4.5. Мал хамгаалах сан нь урамшуулал олгох асуудлыг төлөвлөх, олгох асуудалтай холбоотой материал, мэдээлэл, тайланг архивын нэгж болгон хадгалах. Зургаа. Хяналт тавих 6.1. Боловсруулах үйлдвэрт ноос бэлтгэж тушаасан малчинд мөнгөн урамшуулал олгох харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомж, энэ журам болон эрх бүхий байгууллагаас гаргасан бусад шийдвэрийн хэрэгжилтэд сум, дүүргийн Засаг дарга хяналт тавина. 6.2. Улсын хэмжээнд энэ журмын хэрэгжилтэд хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн болон төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хяналт тавьж ажиллана. 6.3. Боловсруулах үйлдвэр худалдан авсан ноосоороо эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа эсэхийг дараах байдлаар хянана: 6.3.1. холбооны зүгээс боловсруулах үйлдвэр худалдан авсан ноосоороо эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа явцтай улирал бүр танилцаж, тайланг дараа оны 6 дугаар сарын 1-ний өдрийн дотор хөдөө аж ахуй болон аж үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Мал хамгаалах сангийн төлөөлөл орсон Ажлын хэсэгт хүргүүлж хэлэлцүүлэх; 6.3.2. боловсруулах үйлдвэр тухайн жилд хүлээн авсан ноосоор эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж худалдсан орлогын албан татвар төлсөн тухай аудитаар баталгаажуулсан жилийн эцсийн татварын тайланг болон ажлын байр нэмэгдүүлсэн, хадгалсныг харуулсан харьяа нийгмийн даатгалын хэлтсээр баталгаажуулсан нийгмийн даатгалын сар бүрийн тайланг энэ журмын 6.3.1-д заасан тайланд хавсаргах. 6.4. Боловсруулах үйлдвэр малчнаас ноос худалдан авахдаа зах зээлийн үнийг баримталж байгаа эсэхэд холбооны зүгээс хяналт тавьж ажиллана. Долоо. Хариуцлага 7.1. Боловсруулах үйлдвэр малчны нийлүүлсэн ноосны хэмжээ, чанар, ангиллын талаар буруу мэдээ ирүүлсэн эсхүл хуурамч баримт бүрдүүлж өгсөн бол энэ журамд заасан хугацаанд холбогдох мэдээллийг ирүүлээгүйгээс малчинд учирсан хохирлыг уг үйлдвэр бүрэн хариуцна. 7.2. Дор дурдсан гэрчилгээг холбогдох журмыг зөрчиж олгосон хувийн мал эмнэлгийн нэгжийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасч, учирсан хохирлыг нөхөн төлүүлнэ: 7.2.1. мал сүрэгт олгох эрүүл мэндийн гэрчилгээ; 7.2.2. малчны бэлтгэсэн ноосонд олгох ариун цэврийн гэрчилгээ.   7.3. Мал хамгаалах сан урамшуулалтай холбогдох мэдээллийг цахим бүртгэлийн системд буруу оруулсан, засварласан тохиолдолд учирсан хохирлыг тухайн сан бүрэн хариуцаж арилгана. 7.4. Ноосны урамшууллын мөнгийг арилжааны банк дахь малчны данс руу шилжүүлэхэд алдаа, зөрчил гаргасан бол учирсан хохирлыг арилжааны банк бүрэн хариуцаж арилгана. 7.5. Энэ журмын 2.2.5, 2.2.6-д заасан чиг үүргээ зохих журмын дагуу хэрэгжүүлээгүй тохиолдолд учирсан хохирлыг холбоо бүрэн хариуцаж арилгана. 7.6. Боловсруулах үйлдвэр ноосонд анхан шатны (угаах) боловсруулалт хийж экспортолсон бол урамшууллын мөнгийг нөхөн төлүүлж, учирсан хохирлыг арилгуулна. 7.7. Боловсруулах үйлдвэр энэ журмын 3.4-т заасныг зөрчиж баримтыг буруу, ташаа үйлдсэн нь тогтоогдвол тухайн үйлдвэрт тушаасан ноосонд олгосон урамшууллын зөрүүг нөхөн төлүүлнэ. 7.8. Энэ журмын 3.7-д заасан мэдээллийг буруу ташаа гаргасан сум, дүүргийн Мал эмнэлэг, үржлийн тасгийн ажилтанд Төрийн албаны тухай хуульд заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулна.