“3″, “6″, “7″ гэсэн тэмдэглэгээ кодтой хуванцар сав эрүүл мэндэд хортой

123 Нийслэлийн эрүүл мэндийн хүрээлэнгээс хийсэн судалгаагаар/2008 он/ хот, хөдөө орон нутгийн айл өрхийн 36 хувь нь хүнсний бус хуванцар сав ашигладаг болохыг тогтоожээ. Хэлбэр хэмжээ, багтаамж, жин зэргээс нь хамаарч иргэд ундны ус, айраг сүү зэргийг хуванцар саванд хийж хадгалах, түгээх нь элбэг болоод байгаа юм. Гэвч хүнсний зориулалттай бус эдгээр хуванцар савууд нь хүний биед сөргөөр нөлөө үзүүлдэг болохыг мэргэжлийн байгууллагууд тогтоожээ. Тодруулбал, МХЕГ-аас хүнсний зориулалтаар ашиглаж байгаа хуванцар саванд шинжилгээ хийсэн байна. Ингэхдээ “Нарантуул” захад худалдаалагдаж байгаа 10-120 литрийн багтаамжтай, долоон төрлийн хуванцар савыг сонгон шинжилжээ. Шинжилгээгээр хуванцар саванд хадгалсан усан дахь хар тугалгын хэмжээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж болон манай улсад мөрдөгдөж буй стандартад заасан зөвшөөрөгдсөн дээд хэмжээнээс 60-800 дахин их, формальдегид дээд хэмжээнээс 1800-6900 дахин их байгаа нь тогтоогдсон байна. Мөн хүнсний зориулалттай хуванцар саванд формалины үлдэгдэл илрэх ёсгүй байдаг атал 27.0-53.43 мг/л хэмжээтэй гарч байгаа нь цаг алдалгүй сэргийлэх арга хэмжээ авах болсныг хэлж байна хэмээн албаныхан мэдэгдэв. Хуванцар саванд хадгалсан усан дахь төмөр, нитрит манайд мөрдөж байгаа стандартад заасан зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтрээгүй бол аммиак зөвшөөрөгдөх хэмжээнээс 27 дахин их байлаа.  Мөн тус саванд хадгалсан сүүнд хар тугалга зөвшөөрөгдөх хэмжээнээс 3-4 дахин их, айрганд дөрөв дахин их гарсан байна. Хар тугалга, химийн бусад бодис нь хүний биед хуримтлагдаж, мэдрэлийн системийг хордуулан, эд эрхтэнг өвчлүүлэх эрсдэлтэй байдаг.  Тиймээс “3″, “6″, “7″ гэсэн тэмдэглэгээ кодтой, эсвэл огт тэмдэглэгээ, кодгүй, хүнсний зориулалтын бус хуванцар савыг хүнсний бүтээгдэхүүн хадгалах зориулалтаар огт хэрэглэхгүй байх, “2″, “4″ тэмдэглэгээ, кодтой хуванцар савыг хэрэглэхээ багасгахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас анхаарууллаа. Харин “1″, “5″ дугаартай хуванцар савыг хүнсний зориулалтаар ашиглахад ямар ч аюулгүй юм байна. 89   567