ХӨДӨӨ АЖ АХУЙН МАРКЕТИНГ ТӨСӨЛ МАЛЫН ЭРҮҮЛ МЭНДИЙГ САЙЖРУУЛАХАД ЧИГЛЭСЭН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ТӨСЛИЙН ОРОЦОГЧ СУМУУДДАА ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ.

  Хөдөө аж ахуйн маркетинг төсөл нь Архангай, Баянхонгор, Говь-Алтай,  Завхан, Хөвсгөл гэсэн 5 аймгийн 15 суманд хэрэгжиж байгаа бөгөөд  манай аймгийн Цэцэрлэг, Чулуут Цахир гэсэн 3 суманд энэхүү төсөл хэрэгжиж байна. Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй тус төсөл хөдөө аж ахуйн салбарт өмнө хэрэгжсэн болон хэрэгжиж буй төслөөс ялгаатай, өөрөөр хэлбэл төслийн Оролцогч 5 аймгийн 15 сумын ашиг хүртэгч малчдад, малчдын хоршоо, ард иргэдийн өөрсдийн санал санаачлагад тулгуурлан хөрөнгө оруулалт хийж санхүүжүүлэх, ингэснээр орон нутгийн түвшинд үйлдвэрлэл хөгжүүлэх, зах зээлтэй холбох, мөн түүнчлэн малын эрүүл мэнд, малын үржлийн чиглэлээр хөрөнгө оруулалт хийх замаар хөдөөгийн хүн амын амьжиргааг сайжруулах, хүнсний аюулгүй байдлыг хангах зорилготой юм. Хөдөө аж ахуйн маркетинг төслийн үндсэн зорилтын нэг болох Малын эрүүл мэндийг сайжруулах ажлын хүрээнд төслийн Оролцогч сумдын Хувийн мал эмнэлгийн 40 дэд төсөл, Мал эмнэлэг үржлийн тасгийн 15 дэд төсөл, Аймгийн мал эмнэлгийн хэлтэс, лабораторийн 8 дэд төсөл, Бүсийн мал эмнэлэг хорио цээр, хяналтын цэгийн 4 дэд төсөлд хөрөнгө оруулалт хийхэд бэлэн болж “Хөрөнгө оруулалт, санхүүжилтийн гэрээ”-г байгуулаад байна. Гэрээний дагуу эдгээр байгууллага, аж ахуйн нэгжүүдэд мал эмнэлгийн оношилгоо шинжилгээний багаж хэрэгсэл, мал эмнэлгийн үйлчилгээний зөөврийн хашаа, үйлчилгээний мотоцикл, компьютер тоног хэрэгсэл, вакцины хөргүүртэй машин, хөргөгч зэрэг малын эмнэлгийн ажил үйлчилгээнд шаардлагатай, малын эрүүл мэндийн үйлчилгээнд зориулсан 55 нэр төрлийн 670 орчим багаж хэрэгслэлийг нийлүүлнэ. Дээрх хөрөнгө оруулалтын эхний хэсэг болох мал эмнэлгийн байгууллага, аж ахуйн нэгжийн оффисын тоног  хэрэгсэлийг Цахир, Цэцэрлэг, Чулуут сумдын МЭҮТ болон Мал эмнэлэг үржлийн нэгжүүдэд  хүлээлгэн өглөө. Төслөөс малын эрүүл мэндийг сайжруулах чиглэлээр хөрөнгө оруулалт хийснээр:
  • Төслийн оролцогч сумдын Мал эмнэлэг үржлийн тасгийн чадавхи, бодлого зохицуулалт, хяналт, мониторингийн чанар сайжирна.
  • Лабораторийн тоног төхөөрөмжтэй болсноор хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний баталгаажуулалтыг нотолгоонд суурилан хийх боломж бүрдэнэ.
  • Хувийн мал эмнэлгийн нэгжийн үйлчилгээний чанар хүртээмж сайжирч орлого нэмэгдэнэ.
  • Мал эрүүлжсэнээр малчдын өрхийн орлого нэмэгдэх боломж бүрдэнэ гэж үзэж байгаа юм.