A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл > Uncategorized > Хаврын тариалалтын бэлтгэл ажлын хүрээнд аймгийн тариалан эрхлэгчдийн зөвлөгөөнийг 2021 оны 04 дүгээр сарын 26-ний өдөр цахимаар зохион байгууллаа. Зөвлөгөөний үеэр аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга П.Гомбодоржийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Хаврын тариалалтын бэлтгэл ажлын хүрээнд аймгийн тариалан эрхлэгчдийн зөвлөгөөнийг 2021 оны 04 дүгээр сарын 26-ний өдөр цахимаар зохион байгууллаа. Зөвлөгөөний үеэр аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга П.Гомбодоржийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

АРХАНГАЙ АЙМГИЙН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН САЛБАРЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ
Эрхэм хүндэт оролцогчид оо.
Архангай аймгийн тариаланчид маань 2021 оны хаврын тариалалтын нөр их ажилдаа гарах энэ мөчид зохион байгуулагдаж буй цахим зөвлөгөөнд оролцож буй ХХААХҮЯам, Ус цаг уур орчны шинжилгээний газар, ХААИС-ын дэргэдэх эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд, хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд, тариаланчид та бүхэндээ чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж талархал илэрхийлье.
Аймгийн нийгэм эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх чиглэл бол Хүнс, хөдөө аж ахуйн салбар юм.
Манай тариаланчид эх нутгийнхаа эрүүл хөрсөнд ургасан экологийн цэвэр хүнсээр ард иргэдээ хангахын тулд хаврын хахир хавсаргатай өдрүүдэд хацар, нүүрээ сайрттал зүтгэж, намрын ургац хураалтын үеэр цаг мөч, цас , хүйтрэлттэй уралдан унтах нойр, амрах цагаа хугаслан байж энэхүү их ажлын ард гардаг билээ.
Манай аймгийн хувьд байгаль-цаг уурын эрс тэс уур амьсгалтай, газар тариалангийн талбай нь далайн төвшнээс 1100-1300 м өндөрт, өндөр уулын бүсэд оршдог бөгөөд хаврын сүүлчийн хүйтрэл 5-р сарын сүүлийн 10 хоногт, намрын эхний хүйтрэл наймдугаар сарын дунд 10 хоногоос ажиглагддаг .
Энэ нь улаан буудайн боловсорч гүйцэх хугацаа 90-110 хоног гэж тооцвол тариалангийн үйлдвэрлэл, ялангуяа улаан буудайн тарималд тохиромжтой бус байдгийг харгалзан үр тарианы богино хугацаанд боловсордог сортуудыг сонгон авч өөрийн хэрэгцээгээ хангах зорилгоор манай аймгийн тариаланчид улаан буудайн Альбидум-43, хошуу будааны Ялалт, Алтан бороо зэрэг богино болцтой сортуудыг тариалж байлаа.
1989 онд 37049 га талбайд үр тариа тариалж 46721 тн ургац хураан авч байсан бол 1999-2000 онд 1702 га талбайд үр тариа тариалж 1040 тн ургац хураан авсан нь талбайн хэмжээ 21 дахин, хураан авсан ургац 41 дахин буурсан байв.
2008 онд “Атрын 3-р аян”-ы хүрээнд газар тариалангийн салбарт төрөөс үзүүлэх дэмжлэг нэмэгдэх үед Архангай аймаг үр тариа 1130 га-д, хүнсний ногоо 167,9 га-д, төмс 613 га-д, ногоон тэжээл 500 орчим га талбайд тус тус тариалж байсан бол 2015 онд нийт 6296.9 га-д тариалалт хийж үүнээс улаан буудай 4.2 мянган га-д, төмс 0.3 мян га-д, хүнсний ногоо 0.2 мян.га-д, малын тэжээлийн ургамал 1.5 мян.га-д тариалсан нь үр тарианы нийт тариалсан талбай 2014 оныхоос 1829.1 га-гаар, улаан буудай 1545 га-аар,тэжээлийн ургамал 348.4 га-гаар нэмэгдэж, 2676.2 тн үр тариа, 3538.5 тн төмс, 1291.2 тн хүнсний ногоо хураан авч байсан.
Сүүлийн жилүүдэд дэлхийн цаг агаарын дулаарлын нөлөөгөөр дулаан байх хоногийн тоо нэмэгдэж байгаа нь улаан буудайн таримлын болцод эерэг нөлөө үзүүлж байгаа хэдий ч нөгөө талдаа таримал ургамалд тохиромжгүй дулаан өдрийн тоо / 28-35 градус хүртэл хэм / нэмэгдэж 6-р сард 5-7 хоног, 7-р сард 6-9 хоног үзэгдэх боллоо. Дээрх хугацаа нь улаан буудайн ид бутлалтаас цутгалт хүртэлх хөгжлийн үе шатанд тохиолдож байгаа учраас таримал ургамлын болцод сөргөөр нөлөөлж байна.
Иймд манай аймгийн газар тариаланд 75-90 хоногийн болцтой таримлын сорт буюу Алтайский-325, 575 Буриадский гэх мэт сортуудыг тариалах нь тохиромжтой байна. Мөн Дарханы ургамал газар тариалан эрдэм шинжилгээний хүрээлэнгээс гаргасан Дархан-134, 144,174 сортуудыг тарьж нутагшуулж Төвшрүүлэх сумын Бага хангай компани үр үржүүлгийн шугамаар тариалж байна.
Засгийн газраас “Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ыг 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн орон даяар эхлүүлсэн Аяны хүрээнд хөрсний элэгдэл, эвдрэл, үржил шимийн доройтлыг сааруулах, нөхөн сэргээх, ур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон газар тариалан хөгжүүлэх, эрсдэл даах чадамжийг дээшлүүлэх, агроэкосистемийн тогтвортой байдлыг хангаж хүнсний хэрэгцээ, түүний аюулгүй байдлыг бүрэн шийдвэрлэх зорилт дэвшүүлэн ажиллаж байна.
Үүнд:
• Ил талбайн голлох 3 нэр төрлийн ногооны хэрэгцээг 50 хувь, байцаа сонгино, сармисыг 35 хувь, хүлэмжийн ногооны хэрэглээг 30 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангахаар ажиллаж байна.
• Аймгийн төв, томоохон суурин газрын төмс хүнсний ногооны хэрэгцээг жилийн 4 улиралд хангахын тулд 500 тн-ын багтаамжтай механикжсан агуулах барих зорилтыг хэрэгжүүлнэ./ 1 тэрбум төгрөг/
• Зуны хүлэмжийн талбайг 0.5 га, өвлийн хүлэмжийн талбайг 0.3 га-гаар нэмэгдүүлнэ.
• Аймагт суулгац үржүүлгийн плантацтай болж, алим, чавга, интоор, гүзээлзгэнэ, зэрэг бага тархацтай жимс, жимсгэнийн суулгацыг хурдавчилсан аргаар үржүүлэх дэвшилтэт арга технологи нэвтрүүлж, дотооддоо үйлдвэрлэх ажлыг дэмжинэ.
• Тариалангийн талбай хашаажуулах ажлыг эрчимжүүлж нийт талбайн 80 орчим хувийг хашаажуулна.
• Орон нутагт үйлдвэрлэсэн нутагшсан улаан буудайн үрийг хадгалах 1000 тн-ийн багтаамжтай элеватор байгуулах ажлыг ХХААХҮЯам, гадаад дотоодын төсөл хөтөлбөрийн байгууллагатай хамтран шийдвэрлэнэ./2 тэрбум төгрөг/
• Бордооны үйлдвэрлэлийг нэмэгдүүлж малын өтөг, бууц ашиглан компост бордоо үйлдвэрлэх бага оврын цех 1-ээс доошгүйг байгуулна.
• Тариаланд ашиглаж буй нийт 20.0 мян.га талбайд хөрсний шинжилгээ хийж, шим тэжээлийн бодисын зэрэглэл тогтоож, бордох зөвлөмж гаргана.Тариалангийн газрын төлөв байдал, чанарын өөрчлөлтийг тодорхойлж, элэгдэл эвдрэлийг зураглах, нэгдсэн мэдээллийн сан байгуулах ажлыг хийнэ.
• Судалгаанд үндэслэн атаршсан 5 мянган га талбайг тариалангийн эргэлтэд оруулах асуудлыг бүрэн судалж шийдвэрлэн, нийтдээ 30.0 мян.га талбайд үйлдвэрлэл явуулдаг болно.
• Төмсний механикжуулалтыг 80 хувьд, хүнсний ногооны механикжуулалтыг 50 хувьд хүргэх, төмс хүнсний ногооны тариалан эрхлэгчид, фермерүүдэд үйлчлэх техник үйлчилгээний 1 төвийг орон нутгийн хөрөнгө оруулалтаар байгуулна.
• Залуу тариаланчдыг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлж боловсон, механикжуулагчдын залуу халааг бэлтгэх ажлыг үе шаттай зохион байгуулна.
• Газар тариалангийн үйлдвэрлэлд техник, технологийн шинэчлэл хийж ажлыг эрчимжүүлж нийт зүтгэх хүчний техникийн 30%, чиргүүл агрегатын 40%-г шинэчлэх талаар холбогдох арга хэмжээг авч ажиллана.
• Усалгаатай тариалангийн талбайг 200 га-гаар нэмэгдүүлж, услалтын орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангах ажлыг гадаад, дотоодын төслийн байгууллагатай хамтран шийдвэрлэнэ.
Бид 2020 онд үр тариа 7849 га, малын тэжээл 3000.7 га, тосны таримал 901 га, төмс 267.1 га, хүнсний ногоо 139 га нийт 12056.8 га талбайд тариалалт хийсэн Мөн 12285 га талбайд уриншийн боловсруулалт үүнээс 10185 га талбайд механик аргаар, 2100 га талбайд хосолмол аргаар уринш бэлтгэлээ.
Ингэснээр нийтдээ 24241.8 га талбайд газар тариалангийн үйлдвэрлэл явагдлаа.
2020 онд үр тариа 7688 тн, малын тэжээл 7500 тн, тосны таримал 720.8 тн, төмс 2033.0 тн, хүнсний ногоо 1150.7 тн-ийг нийт 19000 тн ургац хураасан.
Намрын ургац хураалтад: Үр тарианы комбайн 25, Ангилан хадагч дүүжин болон чиргүүлийн жатка 31,Будаа цэвэрлэгээний машин 5,Үр сортлогч 1,Будаа ачигч 7,Төмс ухагч 24 ,Тээврийн машин 15,Дугуйт трактор чиргүүлтэй 28 Түлшний машин 2 бэлэн байдлыг хангаж ажилласан.
Мөн 3 үтрэмийн талбайн цэвэрлэгээ, үр тарианы 3 агуулах, 1820 тн төмс хүнсний ногоо хадгалах 85 зоорийн засвар, цэвэрлэгээ, ариутгалын ажил бүрэн хийсэн.
Үр тарианы таримлыг 41 иргэн аж ахуйн нэгж, төмс хүнсний ногоог 520 гаруй иргэн аж ахуйн нэгж тус тариалж байна. Хүлэмжийн аж ахуйн үйлдвэрлэлийг 2 өвлийн хүлэмж, 38 нарлаг хүлэмж 95 зуны хүлэмжтэйгээр явуулж байна. Жимс жимсгэнийг 146 га талбайд тариалж байна.Усалгаатай тариаланг 5 суманд 260 га талбай бүхий 5 инженерийн хийцтэй услалтын системийг ашиглаж байна.
Өнөөдөр Аймгийн хэмжээнд 15.0 мянган га талбайд үр тариа, үүнээс Улаанбуудайн 10.0 мянган га талбайд, малын тэжээл 3300 га талбайд, хошуу буудай үрийн зориулалтаар 200 га талбайд, тосны ургамал 1500 га талбайд тариална. Төмс 264 га талбайд, хүнсний ногоо 139 га талбайд, жимс жимсгэнэ 69 га талбайд тариалах бөгөөд энэ нь 2008 оноос 10 дахин 2015 оноос 2 дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
Энэ онд хаврын тариалалтын бэлтгэл ажилд зориулж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Хөдөө аж ахуйг дэмжих санд 2220 тн үр, 133 тн шатахуун, 45 тн бордоо, 37758 литр ургамал хамгааллын бодис, 50 литр үр ариутгагчийн захиалгыг хүргүүлсэн. Үүнээс гадна Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны “Хөдөө аж ахуйг дэмжих” хөтөлбөр, “Нэг малчин-Нэг өвөлжөө-10 ар” аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд малчин өрхөд тэжээлийн ургамал тариалахад дэмжлэг болгож энэ онд 700 гаруй га талбайд тэжээлийн ургамал тариалах үр, техник, шатахууны дэмжлэг үзүүлнэ.
Мөн Өрх бүр тариаланч хөдөлгөөн өрнүүлж 285 өрхөд хүнсний ногоо тариалахад нь үрийн дэмжлэг үзүүлнэ.
Хаврын тариалалтын бэлтгэл ажил 50 гаруй хувьтай явагдаж байгаа бөгөөд тариаланчдыг Улаанбаатар хот, бусад аймгуудаас ирэхэд нь Коронавирусээс урьдчилан сэргийлэх вакцин, PCR-ийн шинжилгээнд хамруулж /356 тариаланч/ улс, аймгийн Онцгой комисс, сумын удирдлагуудтай хамтран халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн тариалалтын ажлаа саадгүй явуулах нөхцөл боломжоор хангаж ажиллаж байна.
Тариаланчид та бүхэндээ цар тахлын хорио цээрийн дэглэмтэй энэ үед Улсын болон аймаг, сумын онцгой комиссоос гаргасан шийдвэр, мэргэжлийн байгууллагуудын өгсөн зөвлөмж, чиглэлийг чанд мөрдөж, хаврын тариалалтын ажлаа агротехнологийн дагуу хийж гүйцэтгэн, арчилгаа, тордолт, уринш боловсруулалт, ургац хураалтын ажлаа технологит хугацаанд хийж, хүн ардаа эрүүл хүнсээр, мал аж ахуйгаа нэмэлт тэжээлээр хангах ариун үйлсдээ өндөр амжилт гаргахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Сайн үйлс дэлгэрэх болтугай.

Санал болгох

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдврийн сайдын 2021 оны 04 дүгээр сарын 22-ний өдрийн А-127 тоот тушаалаар Улаан буудайн үрийг зээлээр олгохоор шийдвэрлэсэн байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдврийн сайдын 2021 оны 04 дүгээр сарын 22-ний өдрийн А-127 …